Байгууллагын танилцуулга
Байгууллагын танилцуулга
Бидний тухай
  • Танилцуулага

Эрхэм зорилго

Манай байгууллагын эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, байгалийн рашаан ус, эмчилгээний шавраар дорнын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд хүргэх бодлого боловсруулан хэрэгжүүлж үр ашигтай ажиллахад оршино.

Байгууллагын танилцуулга

“Оргил” рашаан сувилал нь Ардын эрүүлийг хамгаалах яамны 1933 оны 24 дүгээр тушаалаар улирлын чанартай сувиллын хэлбэрээр анх үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
1974 онд сувиллын одоогийн бальнеотехникийн иж бүрдэл бүхий зориулалтын барилга ашиглалтанд орсон.
Нийт 300 ортой, 80 гаруй  оношийн бүлгээр жилдээ 7000-10000 хүн хүлээн авдаг. Нүүрс хүчлийн хийтэй рашаан эмчилгээ /рашаан уух, рашаанд орох, рашаанаар гэдэс угаах/ шавар эмчилгээ, физик, иллэг, бариа, дасгал, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ гэх зэрэг 36 төрлийн эмчилгээ, эхо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг  оношлогоо хийгддэг.
Эмчилгээ, оношлогооны 27 кабинет ажилладаг.
Манай сувилал нийт 100 гаруй ажиллагсадтай. Сэргээн засах, уламжлалт, дотор, мэдрэл, онош зүйн нарийн мэргэжлийн эмч, мэргэшсэн сувилагч, тогооч зэрэг ажилтан, ажиллагсадтай. Сувиллын мэргэжилтний 36% ньмэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой.Үүнд:
  • Клиникийн профессор- 2,
  • Магистр зэрэгтэй их эмч -5,
  • Тэргүүлэх зэрэгтэй их эмч-3
  • Ахлах зэрэгтэй их эмч-3
  • Ахлах зэрэгтэй сувилагч нар 6
  • МУ-ын зөвлөх хоолны инженер- технологич -1
Эмчилгээ, үйлчилгээ, аж ахуй, хангамжийн чиглэлээр 
  • Клиник-сэргээн засахын
  • Сувилал-уламжлалт эмчилгээний
  • Хоол үйлдвэрлэлийн
  • Захиргаа санхүү аж ахуй гэсэн 4 тасаг нэгжтэй.
Клиник” тасаг нь зүрх, тархи, хэвлийн хөндий, үе тулгуур эрхтэний хагалгааны дараах,  зүрхний шигдээс, тархины харвалт, ходоодны шарх, захын мэдрэлийн өвчний эрт үеийн сэргээн засах эмчилгээтэй сувилуулагчдыг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс хүлээн авдаг

Зуун дамжин оргилах “Оргил” рашаан
....Буурал түүхийн хуудас эргэсээр нэгэн зуун солигдсон ч, бургилан оргилж түмнийг ундаалсаар, анагаасаар  “Оргил” рашаан...
Бидний амьдарч буй цэнхэр гаригийн түмэн бодис, мянган эрдэнэсийн дотроос хамгийн гайхамшигтай нь рашаан ус билээ.
 
Нийслэл хотын баруун өмнөд хэсэгт Туул голын хойд зах орчимд 1930-1932 онд газрын хөрс усыг шинжилж цооног өрөмдөхөд 90 гаруй метрийн  гүнээс исгэлэн ус оргилон гарсанаар рашааны ордыг нээж илрүүлсэн юм. Ардын эрүүлийг хамгаалах яамнаас 1933 онд ер бусын усны чанар, найрлага, ундаргын хэмжээг нарийвчлан шинжлүүлж үзээд рашаан болохыг тогтоон улмаар зун цагийн хөнгөн  маягийн барилга бариулж, хүмүүсийн биеийг эмчлэн сувилах болсноор  1933 оноос “Комбинатын рашаан” нэртэй ууган сувиллын нэг бий болжээ.
... Их хотын нүргээнт амьдралтай хамт оргилон ундарч  эдүгээ үед ч түмнийг анагаах шидээ гайхуулсаар “Оргил” рашаан...
Нүүрс хүчлийн хийтэй, төмөр  цахиур, лити, стронци, цези, манган, цайр агуулсан сул эрдэсжилттэй, гидрокарбонат кальци, магнийн, сул хүчиллэг, исэлдэх төлөвт байгаа рашааныг дотуур ууж хэрэглэх, рашаан ванн-д орох, рашаанаар гэдэс цөс угаах зэргээр хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчний эмчилгээ сувилгаанд ашиглаж байна.
Монгол орны рашаан усны шавхагдашгүй ундрагын нэг,  байгалийн гайхамшигт эмийн сан гэж хэлэх энэ рашааныг түшиглэсэн сувилалд жил бүр олон мянгаараа иргэд үйлчлүүлэгч үйлчлүүлэн 80 гаруй жилийн түүхийг ардаа орхижээ.
...Зуун дамжин оргилсоор  дараагийн зуунд ч оргилох “Оргил” рашаан...